Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн хэрэгжүүлсэн төслүүд

2017-03-28

About the Zorig Foundation


Монгол Улсын байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулж тэдгээрийг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр (EFP) 6 дахь жилдээ амжилттай хэрэгжин өндөрлөжээ. 8 сарын хугацаанд явагдаж, байгаль орчны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, манлайллын ур чадварыг эзэмшүүлэх, энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг олгодог уг хөтөлбөрт энэ жил хамрагдсан 20 залуус дөрвөн багт хуваагдан, өөрсдөө хөрөнгө босгож, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлснийг уншигч та бүхэнд танилцуулахыг хүслээ. Зориг сангийн хөтөлбөр бүрт хэрэгждэг бичил төслүүд (community development project) нь цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлог билээ. Эдгээр төслүүдээс та бүхэн санаа авч, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бага ч болов хувь нэмрээ оруулаарай.

УЛААН НОМ АППЛИКЭЙШН

Төслийн багийн нэр: Улаан ном аппликэйшн
Төслийн зорилго: Монгол Улсын Улаан номын хүртээмжийг нэмэгдүүлэн номонд орсоннэн ховор болон ховордсон амьтад ургамлыг олон нийтийн дунд таниулах, хил хязгаарт баригдахгүйгээр дэлхийн хаанаас ч улаан номыг монгол, англи хэлээр үзэх боломжтой болгох

Хийж гүйцэтгэсэн ажил:
- Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Монгол улсын улаан номыг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгуулжээ.
-Улаан номонд орсон нэн ховор болон ховордсон амьтан, ургамлыг сурталчлан таниулах, тэдний хүрээлэн буй орчинд гүйцэтгэх үүрэг, байгалийн тэнцвэртэй байдал, хүрээлэн буй орчноо хамгаалах аргуудын талаар, мөн ундны усны хэрэглээг хэмнэх, хаягдал цаасыг дахин боловсруулах талаар мэдлэг мэдээллийг бага ангийн сурагчдад олгожээ.

-Улаан ном аппликэйшн бүтээхэд шаардлагатай дата мэдээллийг боловсруулж загвар аппликейшинг гаргаж суурилуулсан байна.

Төслийн фэйсбүүк хуудас: Тэмүүлэл

ГЭРЭЛТ ЦОХ ТӨСӨЛ

Төслийн багийн нэр: Гэрэлт цох
Төслийн зорилго: Цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, зөв зохистой хэрэглэх талаар зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэл олгох, хэмнэлтийн үр ашгийг таниулах, 2015 онд батлагдсан эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг олон нийтэд түгээх, зөв дадал төлөвшүүлэх

Хийж гүйцэтгэсэн ажил:

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр 2007 оноос дэлхий даяар хэрэгжиж ирсэн "Эх дэлхийн цаг 60+" үйл ажиллагааг 3 сарын 19-ны өдөр тэмдэглэжээ.
-Эрчим хүчний үнэ цэнийг бусдад ойлгуулах, бодит хэмнэлтийг бий болгох зорилгоор оюутан залуусын дунд "Эрчим хүчний үнэ цэн, хэмнэлт" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж амжилттай зохион байгуулсан байна.

-Монгол Улсын Их Сургуулийн оюутны 5-р дотуур байрын оюутнуудад цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийх аргуудын талаар мэдээлэл өгч лед гэрэл суурилуулах зорилго бүхий "Байгаль орчин - Эрчим хүч" сэдэвт өдөрлөг зохион байгуулжээ.
-Тавдугаар дотуур байрыг эрчим хүчний хэмнэлттэй жишиг байр болгох ажлын хүрээнд өрөөнүүдийн улайсах чийдэнг лед гэрлээр сольжээ.

Төслийн фэйсбүүк хуудас: Эрчим хүч 3Х төсөл

ДУСАЛ ТӨСӨЛ

Төслийн багийн нэр: Дусал
Төслийн зорилго: Байгалийн ухааны чиглэлээр хийгдэж буй эрдэмтэд, судлаачид, оюутнуудын эрдэм шилжилгээний бүтээлүүдийг хүртээмжтэй байлгах, судлагааны үйл явцыг хялбаршуулах зорилгоор вэбсайт бүтээх

Хэрэгжүүлсэн ажил:
-Их дээд сургуулийн багш оюутны судалгааны бүтээлийн цахим санг бүтээж, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын тэнхимд хүлээлгэн өгчээ.
-Судалгааны цахим санг их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд, багш нар, оюутан сурагчдын дунд сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулсан байна.


Төслийн фэйсбүүк хуудас: Дусал

3R ТӨСӨЛ

Төслийн багийн нэр: 3R
Төслийн зорилго: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг суурь болгон дотооддоо дахин боловсруулан гаргасан цаасны хэрэглээний ач холбогдлыг олон нийтэд таниулж, байгалийн нөөцийг хэмнэх


Хийж гүйцэтгэсэн ажил:
-Дахин боловсруулсан цаасны хэрэглээний ач холбогдлыг олон нийтэд таниулах үйл ажиллагааг их дээд сургууль болоод экспо өдөрлөгүүд дээр явуулжээ.
-Дахин боловсруулсан цаасаар хийсэн нэрийн хуудсыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, дахин боловсруулсан цаасыг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж хэвшихийг уриалсан байна

Төслийн фэйсбүүк хуудас: 3R Paper

Энэ ташрамд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч АНУ-ын Элчин сайдын яам болон Хас банкинд гүн талархал илэрхийлье.

Мэдээллийн эх сурвалж (Unread.today)