НИЙГЭМД ТУСТАЙ 4 БИЧИЛ ТӨСӨЛ

2017-03-28

About the Zorig Foundation


Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зөв зүйтэй санал санаачилга, төслүүдийг дэмждэгийн хувьд бид өнөөдөр "Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр"-т оролцогчдын хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн хүмүүсийг хамруулдаг энэ хөтөлбөрийг Зориг сан Австралийн Квинслендийн их сургуультай гурав дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа юм. "Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр" 8 сарын хугацаанд үргэлжилж, оролцогчдын ажлын байранд хүйс хамааралгүй, тэгш эрхтэйгээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, тэднийг Монголын шинэ үеийн манлайлагчид болоход дэмжих зорилготой. Ингээд энэ жилийн оролцогчдын олж авсан мэдлэг чадвараа ашиглан хэрэгжүүлж буй нийгэмд тустай 4 бичил төсөлтэй танилцъя. Уншигч та бүхэн эдгээр төслүүдийг дэмжээрэй.

 

"ЭРДМИЙН БОГЦ" БАГИЙН ОРОН НУТГИЙН ХҮҮХДҮҮДЭД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨСӨЛ

Төслийн зорилго: Увс аймгийн Ховд, Өмнөговь сумын малчдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 4-5 насны хүүхдүүдэд нас, сэтгэл зүйд нь тохирсон ном, зурагт ном, тоглоом түгээж, шүд, гараа угаах, нийтийн ариун цэврийн өрөөг ашиглах талаар мэдлэг олгож, сургуульд орохоос нь өмнө сургуулийн орчинтой танилцуулах, хүүхдүүдийг сургуульд ороход бэлдэх. Эхний богцоо суралцаж дуусаад дараагийн богцоо авч ашиглах боломжтой 5 төрлийн эрдмийн богцыг төслийн хүрээнд хүүхдүүдэд түгээн хэрэглүүлнэ.

Хэрэгжүүлэх ажил:
-Төслийн танилцуулга, зурагт хуудас хэвлүүлэн хэд хэдэн уулзалтыг зохион байгуулжээ.
-Төслийг нийгмийн сүлжээнд сурталчилах, санхүүжилт бүрдүүлэх зорилгоор Улсын арслан Н.Батсуурь 5000 төгрөгний аян эхлүүлж, амжилттай явагдаж байна. Одоогийн байдлаар 600 мянган төгрөг цуглажээ.
-Төслийн хүрээнд хийлгэх сургалтуудын гарын авлага, богцод агуулагдах тоглоом, ном, эрүүл мэндийн зурагт хуудаснуудыг мэргэжлийн багийн дэмжлэгтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй бүрдүүлэх талаар МУБИС-ийн СӨБ-ийн сургууль, БСШУСЯ, ЭМЯ, НЭМХ-ийн мэргэжилтнүүдтэй уулзалт, зөвлөгөө авч ажиллаж байгаа аж.
-Төслийн бусад санхүүжилтыг босгох үүднээс 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдөр 19 цагаас Bojangles Grill зоогийн газар Quiz night буюу Асуулттай хөгжилтэй үдшийг Bojangles Grill-ийн найрсаг хамт олонтой хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
-Өөрсдийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлан сонирхсон байгууллагуудад “Эрүүл хүнс” сэдэвт сургалт зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах байгууллага эрэлхийлэн ажиллаж байгаа юм байна.


Төслийн хамрах хүрээ: Увс аймгийн Ховд болон Өмнөговь сумдын малчдын 4-5 настай 50-60 хүүхэд, малчин эцэг эх, 2 багш хамрагдана.

"Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд сурч боловсрох нөхцөл бололцоо хотын хүүхдүүдийнхээс хамаагүй бага байдаг. Алслагдсан сумдад хүрч ажиллахыг хичээж хамгийн хол, хэр барагтай төсөл хэрэгждэггүй сумдыг сонгосон." Багийн гишүүд

Төслийн санхүүжилт: Одоогоор Австралийн засгийн газраас 12 сая төгрөгийн санхүүжилтийг авсан ба Facebook challenge-ийн хүрээнд 600 мянган төгрөг цуглуулжээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Эрдмийн богц (фэйсбүүк), Холбогдох утас 9900 3768, 8088 2266

"ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" БАГИЙН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ

Төслийн зорилго: Эх, нялхсын эндэгдэл, түүний шалтгаан болох жирэмсэн үеийн эмгэгийг бууруулах зорилгоор жирэмсний хяналтыг сайжруулах, жирэмслэлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, жирэмсэн эмэгтэйг хүрээлж буй хүмүүсийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх.
Хэрэгжүүлэх ажил:

Гарын авлага – жирэмсний үедээ хэрхэн хооллох, хувцаслах, эмгэг шинж тэмдгийг хэрхэн ялган таньж арга хэмжээ авах, дасгал хөдөлгөөн, төрсний дараах нярайн асаргаа сувилгааг хэрхэн хийх зөвлөгөөнүүд, бусад хэрэгцээт мэдээллийг агуулсан гарын авлагыг эх барих эмэгтэйчүүдийн хяналтыг улсын хэмжээнд явуулдаг эмнэлгүүдийн мэргэшсэн эмч нарын баг боловсруулжээ.
Баримтат кино нэвтрүүлэг –Монголын орчин нөхцөлд жирэмсний хяналтанд орсон үеэс төрөх хүртэлх жирэмсний хугацаан дахь үеийг харуулж, эрдэмтэн эмч нарын зөвөлгөөг тусгасан баримтат киног анх удаа хийж байгаа аж.
Төслийн хамрах хүрээ:
Төслийн хугацаанд хамгийн багадаа 2000 гарын авлагыг Улаанбаатар хотын 2 дүүргийн жирэмсний хяналтанд орж буй эхчүүдэд эхний ээлжинд хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн телевизийн баримтат кино байдлаар мэдээлэл болон хүрч байгаагаараа олон хүнд хүрэх маш өргөнтэй төсөл юм. Төслийн үр дүн жил бүр хяналтанд орж байгаа 80,000 орчим эхчүүдээр хязгаарлагдахгүй цаашид ч үр өгөөжөө өгөх боломжтой.

"Манай төслийн онцлог бол эмэгтэйчүүд өөрсдөө нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлоход хувь нэмэр оруулж, арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэхэд баг болон хамтран ажиллаж, бодит үр дүнг авчирч байгаа явдал юм." Төслийн багийн удирдагч З.Сэргэлэн

Төслийн санхүүжилт: Одоогоор Австралийн засгийн газрын 13.5 сая төгрөгийн санхүүжилтээр төслийн үйл ажиллагаа хэрэгжээд эхэлжээ. Мөн Facebook challenge буюу сошиал медиа маркетингийн үр дүнд 165,000 төгрөг цугларсан байна. Үүнээс гадна тус төслийг сайн дураараа хамтран хэрэгжүүлж буй "НамуунЗэт" продакшин 1.8 сая төгрөг, эх барих хяналтын эмч нар 4.5 сая төгрөгийн хандив өгчээ.

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл:
Эрүүл жирэмслэлт / Healthy pregnancy pioneer project (фэйсбүүк), @HPregnancyMN (твиттер), Холбогдох утас: 9195 0525, 9908 1810

ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН “FROM DISABILITY TO ABILITY” ТӨСӨЛ

Төслийн зорилго: Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд Австрали улсад хийгдсэн чанар сайтай тэргэнцрийг бэлэглэж, цаашид сургуульд тасралтгүй хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх, нийгэм, улс төрийн байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх халамж, үйлчилгээ, хандлагыг дээшлүүлэх.
Хэрэгжүүлэх ажил:
-Хөрөнгө босгон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Австрали улсаас 2 агуулах буюу 332 тэргэнцэр тээвэрлэн авчирч, Сонгино хайрхан дүүргийн өрх толгойлсон эцэг, эхтэй, амьдралын боломж тааруу болон тусгай сургуулиудын 60 хүүхдэд одоо байгаа тэргэнцрийг биед нь зохих шаардлагын дагуу тааруулж, 3 сарын витамины хэрэгцээг нь хангаж, эмчийн үзлэг, оношлогоонд хамруулна.

-Эцэг эх, асрамжлагч нарт зориулан сэтгэл зүйн бэрхшээлийг даван туулж, цаашид хүүхдээ улам сайн асрахад нь дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөв халамжлан асрах агуулгатай, бусдад урам зориг өгөх түүх, сургамж бүхий гарын авлага бэлтгэнэ.

-Түүнчлэн 2017 оны 2-р сарын 09-ны өдөр 19 цагаас Туушин зочид буудалтай хамтран Хандивын үдэшлэгийг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээг Австралийн элчин сайдын яамнаас дэмжин, Элчин сайд ноён Жон Лангри үг хэлэхээр болжээ.


Төслийн хамрах хүрээ: Сонгино хайрхан дүүрэг, тусгай сургуулиудын нийт 60 хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд хамрагдана.

Иргэний нийгэм, бизнес, төрийн байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ирэх халамж, анхаарлыг дээшлүүлэх нь манай төслийн цаад зорилго." Төслийн багийн гишүүн Даариймаа

Төслийн санхүүжилт: Энэ төслийн зардлыг нийт 46 сая төгрөг гэж төлөвлөснөөс одоогоор "Даян" компани, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Худалдаа Хөгжлийн Банкнаас мөнгөн хандив орж ирсэн байна. Мөн "Тунгалаг Аялгуу" чих хамар хоолойн эмнэлэг эхний контейнер тэргэнцрийг нийт 5 аймаг, 4 дүүрэгт тараах, агуулахын байр, хүн хүчээр хангах ажилд тусалж байгаа ажээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Хүүхдийн тэргэнцэр-Wheelchairs for kids in Mongolia (фэйсбүүк)

"ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" БАГИЙН "ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ" ТӨСӨЛ

Төслийн зорилго: Сургуулийн орчныг "Сургуулийн бүс. Техникийн ерөнхий шаардлага MNS 6444:2014" стандартын дагуу аюулгүй бүс болгон тохижуулах; сурагчдад замын хөдөлгөөнд зөв оролцох дадал эзэмшүүлэх кабинет байгуулах; тус сургуульд суралцаж байгаа 6-14 насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэн, аюулгүй зорчих дадал, зуршилд сургах.
Хэрэгжүүлэх ажил: “Зам тээврийн осолгүй сургууль” төсөл 2017 оны 2 сарын 1-нээс 5 дугаар сарын 26-ны хооронд хэрэгжиж, 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулах; тус сургууль дээр хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтын өрөө тохижуулах, мэдээллийн самбар байрлуулах, замын хөдөлгөөний сургалт, мэдээлэл өгөх боловсон хүчин бэлтгэх, сургалтын материал боловсруулах; сошиал медиа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодруулбал телевиз, радио, веб сайтуудаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчилсан контент боловсруулан, олон нийтэд түгээх ажлуудыг хийх юм.
Төслийн хамрах хүрээ: Статистикаар суралцагч хүүхдүүд нь улсын дунджаас хоёр дахин илүү осолд өртөж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийг төслийн баг сонгож авчээ. Уг төслийн үндсэн хэсэг нь зорилтот 5 дугаар сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад чиглэн хэрэгжих боловч төслийн үр дүнд сургуулийн нийт сурагчид, ойролцоох орон сууцны хорооллын хүүхдүүд, хүн амын зорчих хэсгийн аюулгүй байдал дээшилнэ гэж үзжээ. Сургалт сурталчилгааны дэд хэсэг илүү өргөн хүрээтэй бөгөөд энэ нь Улаанбаатар хотын нийт хүн амын дунд замын хөдөлгөөний соёлыг сайжруулах, сонор сэрэмжийг дээшлүүлэх өргөн хүрээтэй зорилго агуулжээ.

"Бид бүгдээрээ явган зорчигч, жолооч, асран хамгаалагч байдаг. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүн бүрийн хамтын оролцоо, үйлдэл, үүрэг хариуцлага чухал. Аюул, осолгүй амар тайван Монголын төлөө хамтдаа! Бид чадна." Төслийн багийн гишүүн Т.Энхтунгалаг

Төслийн санхүүжилт: Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөг төсөвлөжээ. Төслийн багийнхан нийгмийн өндөр хариуцлага бүхий байгууллага, хувь хүмүүс, эцэг эхчүүдэд хандахын зэрэгцээ бусад арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор мөнгөн хэлбэрээр 20 сая, мөнгөн бус хэлбэрээр 2.5 сая төгрөгний санхүүжилт төвлөрүүлжээ.

Мэдээллийн эх сурвалж (Unread.today)