Мерали Сантай хамтарсан эмэгтэй оюутнуудын тэтгэлэгт хѳтѳлбѳр

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

2010 онд Мерали Сан их дээд сургуулийн эмэгтэй оюутнуудад зориулан энэхүү тэтгэлэгт хѳтѳлбѳрийг эхлүүлсэн бөгөөд Зориг Сан болон Азийн сан хамтран хѳтѳлбѳрийг хэрэгжүүлдэг. Мерали тэтгэлэгт хѳтѳлбѳр нь ахлах сургуулиа амжилттай тѳгссѳн боловч их сургуульдаа орон сургалтын тѳлбѳрѳѳ тѳлѳхѳд нь хүндрэл бэрхшээл учирч буй эмэгтэй оюутнуудад сургалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Мерали тэтгэлэгт хѳтѳлбѳр нь сургалтын тѳлбѳрѳѳс гадна суралцахад нь хэрэг болдог ном болон бусад шаардлагай хичээлийн материалын зардлыг даадаг. Их сургуульд элсэн ороод буй бага дунд орлоготой, сургалтын амжилт гаргасан оюутнуудыг МУИС, ШУТИС-аас сонгон аван тэтгэлэгт хѳтѳлбѳртѳѳ хамруулдаг. Хэдийгээр Зориг Сан нь олон тэтгэлэгт хѳтѳлбѳр хэрэгжүүлж буй боловч Мерали тэтгэлэгт хѳтѳлбѳр нь олон зүйлээрээ их ѳвѳрмѳц юм. Сонгогдсон оюутнуудын их сургуульд суралцах нийт хугацааны сургалтын тѳлбѳрийг Мерали тэтгэлэтг хѳтѳлбѳр олгодог. Бусад тэтгэлэгт хѳтѳлбѳрүүд нь хугацааны хувьд харьцангуй богино, ихэнхдээ 1 жилийн сургалтын тѳлбѳр олгодог. Энэ тэтгэлэгт хѳтѳлбѳрийн бас нэг онцлог зүйл нь эрчүүдийн давамгайлдаг салбар болох байгалын шинжлэх ухаанаар мэргэшиж, мэргэжил эзэмшихээр суралцаж буй эмэгтэй оюутнууд нийт тэтгэлэг авагчдын 80 хувийг эзэлж буй юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 4 жилд нэг удаа зарлагддаг бөгөөд 120 оюутан амжилттай төгсөж одоогоор 40 оюутан 2-р дамжаандаа суралцаж байна.
 
Хэн хамрагдаж болох вэ?
  • ШУТИС-ийн бүх ангид суралцахаар 1-р дамжаанд элссэн эмэгтэй элсэгч байх
  • МУИС-ийн Математик, Компьютер, Физик, Электроник, Мэдээллийн технологи, Хими, Биологи, Газар зүй, Геологийн чиглэлээр суралцахаар элссэн эмэгтэй элсэгчид
  • Сурлага, нийгмийн идэвхээрээ тэргүүлж буй элсэгч байх
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдаагүй байх
  • Өргөдөл гаргагчийн анхны элсэн орж буй сургууль байх ба өдрийн ангийн оюутан байх шаардлагатай

Хөтөлбөрийн зорилт

  • Инженер, шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар 1-р дамжаанд элссэн эмэгтэй оюутнуудыг дэмжих,
  • Эмэгтэй оюутнуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх,
  • Эмэгтэй оюутнуудын нийгэмдээ оруулах хувь нэмрийг оруулах боломжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх
  • Эмэгтэй оюутнуудын ур чадварыг нэмэгдүүлэх,
  • Нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлэх,
  • Хувийн болон мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэн, ур чадвараа хөгжүүлэхэд туслах

Хөтөлбөрийн агуулга

Батламж гардуулах ёслол: Энэхүү ёслолд Азийн сан болон Зориг сангийн төлөөллүүд оролцон тухайн жил шалгарсан оюутнуудад батламж гардуулан өгдөг. Улмаар тэтгэлэгт хамрагдсан эмэгтэй оюутнууд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, өөр хоорондоо танилцан, харилцаа холбоогоо тэлэх боломжтой.
Семинар: Хөтөлбөрт хамрагдсан 4 жилийн хугацаанд салбар бүрийн туршлагатай мэргэжилтэн, манлайлагчдын яриаг сонсож, Залуу эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэхийн тулд нийгмийн болон хувь хүний зүгээс тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэгтэй болно.
Сургалт: Оюутнууд хичээлээс гадуур ямар сэдвээр сургалтанд хамрагдах хүсэлтэй байгааг харгалзан үзэж эмэгтэй оюутнуудыг чадавхижуулах, манлайлах, цагийн менежмент, хэрхэн хариуцлагатай оюутан байх, эссэ болон өөрийн товч танилцуулгыг хэрхэн бичих, ажилд орох ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар сургалтуудыг ордог. Мөн өмнөх төгсөгчидтэй туршлага солилцох уулзалт, оюутнуудын мэргэжлийн дагуу ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг.

Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 9 сарын 04

2015-2016 оны өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 9 сарын 04-ны өдөр дууссан тул та 2019-2020 оны хөтөлбөрийн зарлал 2019 оны 8-р сард тавигдах үед хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргах боломжтой.