Санжаасүрэнгийн Баяраа

2017-03-24

About the Zorig Foundation


Сэтгүүлч, дипломатч, улс төр, бодлого судлаач. Монголын Цахилгаан Мэдээ (МОНЦАМЭ) мэдээллийн агентлагт сурвалжлагч, редактор, Монголын шинэ үеийн анхны чөлөөт хэвлэл “Шинэ толь” сонины эрхлэгч, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Чөлөөт хэвлэл, сэтгүүлчийн ёс зүй, мэдээллийн эрх чөлөөний зарчмуудыг Монгол улсад дэлгэрүүлэх үйлст хувь нэмрээ оруулан ажилладаг.

АНУ-ын Бүгднайрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захиралаар ажиллах хугацаандаа Монголын улс төрийн намуудыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, парламентын хууль тогтоох чадавхийг дээшлүүлэх болон гүйцэтгэх засаглалыг чадваржуулах зэрэг чиглэлээр ихээхэн туршлагажсан.

Дэлхийн Өсөлт олон улсын байгууллагын зөвлөхөөр ажиллаж Монгол улсад эдийн засгийн эрх чөлөөний үзэл санааг түгээх, хөгжлийн томоохон төслүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулсан.

Гадаад харилцааны салбарт дипломат төлөөлөгчийн газрын зөвлөх, Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг алба хашиж байв.

Зориг сангийн үүсгэн байгуулагч, зөвлөхийн хувьд сайн засаглал, авилгатай тэмцэх сэдвээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цуврал сургалт зохион байгуулсан болно.

Сүүлийн хоёр жилд Монгол улсын ардчилсан шилжилтийн түүхийг өгүүлсэн цуврал ном бичиж байна. Одоогийн байдлаар уг номын хоёр боть хэвлэгдсэн бөгөөд сүүлийн хэсгийг 2017 оны эхний хагаст хэвлүүлэхээр ажиллаж байна.