“АРДЧИЛЛЫН ЭЛЧ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

2017-09-12

About the Zorig Foundation


Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй сурагчдад зориулсан Ардчиллын Элч хөтөлбөр зарлагдлаа. Уг хөтөлбөр нь хичээлийн нэг жил буюу 8 сарын турш үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй сурагчид хамрагдана.

Хөтөлбөр сургалтын, солилцооны гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд сургалтын хэсгийг АНУ-ын төрийн департаментын “Alumni Engagement Innovation Fund”-ийн санхүүжилтээр, солилцооны хэсгийг Денвер-Улаанбаатар эгч дүү хотын зөвлөл, Америк дах Зориг сангийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сурагч солилцооны хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүйг http://www.zorigsan.mn/mn/list?menuid=102 холбоосоор авна уу.

Хэн хамрагдаж болох вэ?

Хөтөлбөрт Улаанбаатр хотын төвөөс алслагдсан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн дараах шаардлагыг хангасан сурагчид хамрагдана:

  • Улаанбаатар хотын ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Дээр дурдсан шаардлагыг хангасан сурагчид 2017 оны 10-р сарын 13-ны 00:00 цагаас өмнө https://form.jotform.me/zorigfoundation/DAP-2017 хаягаар орж цахим өргөдлийн маягт бөглөнө үү.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Манлайлах ур чадварт суралцах
  • Арчдчиллын үнэт зүйлс, хүний эрхийн талаарх мэдлэгээ тэлэх
  • Нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлэх
  • Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Үе тэнгийн Америк сурагчидтай танилцаж, туршлага судлах, тухайн оронтой танилцах боломжтой.

Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бус цагаар явагдах бөгөөд үнэ төлбөргүй болно.

Хөтөлбөрийн тухай:

Зориг сан нь 2005 оноос эхлэн Денвер-Улаанбаатар эгч дүүс хотын зөвлөлттэй хамтран “Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж ирсэн ба тэрхүү ололт, амжилтан дээрээ тулгуурлан уг хөтөлбөрийг санаачилсан юм. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 164 сурагч, багш нар солилцооны хөтөлбөрт хамрагдаж, 1000 гаруй сурагч хөтөлбөрийн үр шимийг хүртсэн юм. “Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийн тухай мэдээлэлийг www.zorigsan.mn хуудаснаас авна уу.

Хөтөлбөр нь 2 үе шаттай явагдах бөгөөд хөтөлбөрт идэвх санаачлагатай оролцож төгссөн 4-6 сурагч дараагийн үе шат болох “Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр”-т өргөдөл гарган тус бүр 14 хоногийн Улаанбаатар-Денвер, Денвер-Улаанбаатар солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм.

Хөтөлбөрийн агуулга:

Хөтөлбөрийн нээлт: Хөтөлбөрт шалгарсан сурагчид өөр хоорондоо танилцаж, тэдний эцэг эхээс хөтөлбөрт хамрагдах зөвшөөрөл авах үйл ажиллагаагаар эхэлнэ.

Семинар: Оролцогчдын манлайллын ур чадварыг бэхжүүлэх, мөн хувь хүний хөгжлийг дэмжих сургалтууд орно.

Ур чадварын сургалт: Төсөл хэрхэн бичих, өөрийгөө бусдад хэрхэн илэрхийлэх болон багаар ажиллах зэрэг ур чадвар эзэмшинэ.

Сэдэвчилсэн аялал: Эх орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа дотоодын болон гадны бүтээн байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олгоно.

Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид сургалтын хугацаанд олж авсан мэдлэг мэдээлэл дээр үндэслэн 4-5 багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл санаачлан хэрэгжүүлнэ.

Луби-Женкинс Сурагч Солилцооны хөтөлбөр: Америк дахь Зориг сан, Улаанбаатар-Денвер эгч дүүс хотын зөвлөл болон Монголын Урлагийн Зөвлөл хамтран хөтөлбөрийн 2 дахь хэсэг буюу солилцооны хөтөлбөрийг зохион байгуулах бөгөөд уг шалгаруулалт зөвхөн Ардчиллын Элч хөтөлбөрт хамрагдсан сурагчдын дунд явагдана.

Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Төгсөлтийн арга хэмжээ нь Америк сурагчид Монголд айлчлах (Денвер-Улаанбаатар солилцоо) үеэр хийгдэх бөгөөд өөрсдийн бие даан хэрэгжүүлсэн төслөө танилцуулах, хөтөлбөрийн хугацаанд сурч мэдсэн зүйлсээ дүгнэн ярилцдаг.

Шалгаруулалт 1:

Эхний шатний шалгаруулалт: Сурагчдын илгээсэн өргөдөл дээр үндэслэн хийгдэх бөгөөд зөвхөн дараагийн шатанд тэнцсэн сурагчидтай 2017.10.15-ны өдөр утсаар холбогдож ярилцлаганд урина. Ярилцлага: Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн сурагчид Зориг сангийн байранд биечлэн ирж ярилцлага өгөх бөгөөд энэхүү ярилцлагын дүнгээр хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна.

Шалгаруулалт 2: Ардчиллын Элч хөтөлбөрт идэвхтэй оролцсон сурагчид Америк болон Монголд болох тус бүр 2 долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах бөгөөд хүсэлт ирүүлсэн сурагч тус бүрийг ярилцлаганд урьж ярилцлагын дүнгээр солилцооны хөтөлбөрийн эцсийн дүн гарна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Цахим хуудас: www.zorigsan.mn Утас: 11-315444 И-мэйл: gerlee@zorigfoundation.org