ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн тухай:

Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж  нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихэд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр. Уг хөтөлбөр нь Америк дахь Зориг сангийн ерөнхийлөгч Волтор Женкинсийн санаачлагаар 2005 оноос хэрэгжиж эхэлсэн юм.

Хэн хамрагдаж болох вэ?

Хөтөлбөрт Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн дараах шаардлагыг хангасан сургачид хамрагдна:

  • 15-17 насны ахлах ангийн сурагч байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Хөтөлбөрийн зорилт

8 сарын хугацаанд сонгогдсон сурагчид:

  • Манлайлах ур чадварт суралцах
  • Өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлуудын талаарх мэдлэгээ тэлэх
  • Нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлэх
  • Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Гадаадын их, дээд сургуулиудад суралцах талаар мэдээлэл олж авах
  • АНУ-ын Денвер хотын сургуулиудын үе тэнгийн сурагчидтай танилцаж туршлага судлах
  • 8 сарын хугацаанд хөтөлбөрт идэвхитэй оролцсон тохиолдолд АНУ-ын Денвер хотод зохиогдох 2 долоо хоногийн хөтөлбөрт үнэ төлбөргүй оролцох боломжтой юм.

Хөтөлбөрийн агуулга

Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөрийн нээлт: Хөтөлбөрт шалгарсан сурагчид өөр хоорондоо танилцаж, тэдний эцэг эхээс хөтөлбөрт хамрагдлах зөвшөөрөл авах үйл ажиллагаагаар эхэлнэ. 

Семинар: Хөтөлбөрийн хугацаанд тухайн сэдэв, асуудлаар мэргэшсэн байгууллага, хувь хүмүүсийн яриаг сонсож, тухайн сэдвээр өөрийн мэдлэгээ гүнзгийрүүлэх 

Ур чадварын сургалтууд: Төсөл хэрхэн бичих, хэрхэн мэдээлэл хүлээн авах, түүнийг боловсруулах мөн багаад ажиллах ур чадварууд эзэмшинэ. 

Сэдэвчилсэн аялал: Олон улсын байгууллагуудтай танилцах, ойлголтоо нэмэгдүүлэх аялалууд хийнэ. 

Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид жил бүр 4-5 багт хуваагдаж, сургалтын хугацаанд олж авсан мэдлэг, мэдээлэл дээр үндсэлсэн төслүүд бие даан санаачлан хэрэгжүүлнэ. 

Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Төгсөлтийн арга хэмжээ нь Америк сурагчид Монголд айлчлах үеэр хийгдэх бөгөөд өөрсдийн бие даан хэрэгжүүлсэн төсөлөө танилцуулах, хөтөлбөрийн хугацаанд сурч мэдсэн зүйлсээ дүгнэн ярилцдаг. 

Түгээмэл асуулт хариулт

Хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ?

Хөтөлбөрт Улаанбаатар хотод сурагцаж байгаа 10,11-р ангийн сурагчид хандах боломжтой бөгөөд бид боловсролын хүртээмж харьцангуй муутай байдаг, хотын төвөөс алслагдсан сургуулийн сурагчидад хүрч ажиллахыг эрмэлздэг. 

Заавал 10,11-р анги байх шаардлагатай юу? 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид нийлээд олон талын хүчин зүйлсийг бодож тооцоолсны үндсэн дээр хязгаар тогтоосон байдаг. Жишээ нь: 12-р ангийн сурагчид төгсөх шалгалтандаа бэлдэх гээд завгүй байх нь илбэг.

Нэмэлт мэдээлэл 

Уолтер Женкинс – Анх 2001 онд Зориг сантай хамтран тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн онд Монголдоо хамгийн анхны манлайллын хөтөлбөрт тооцогдогох  Залуу Манлайлал Хөтөлбөрийг санаачлан  хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд  Монголын  залуусын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арван хөтөлбөрийг дэмжиж нийт 700 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг нь  Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр билээ. 

Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөл – Денвер хот Улаанбаатар хоттой анх 2001 онд албан ёсоор эгч дүүсийн харилцаа тогтоосон бөгөөд тэр цаг үеэс хойш соёл урлаг, бизнес боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг тууштай дэмжиж ирсэн юм. Тус зөвлөл Зориг сантай хамтран сургууль түншлэлийн хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилээс мөн хамтарч Люби Женкинс Сургууль Солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.