Монголын Залуу Эрдэмтэн Хөтөлбөр

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

“Монголын залуу эрдэмтэн” хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг АНУ болон олон улсын шилдэг их, дээд сургуулиудад элсэн орох боломжийг тодорхойлох, тэдгээрийг бэлтгэх зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүр 30 сурагч шалгаруулан авч долоо хоногийн эрчимжүүлсэн академик туршлага олгох хөтөлбөр явуулдаг. Хөтөлбөрийн сургалтыг гадаадын их, дээд сургуульд суралцаж буй бакалаврын ангийн оюутнууд заадаг бөгөөд жил бүр 5-8 сургагч оюутан багш оролцдог. Тэд бүгд сайн дурын үндсэн дээр хөтөлбөрийн сургагч оюутан багш болдог. 

Хэн хамрагдах боломжтой вэ?

Хөтөлбөр орон даяар зарлагддаг бөгөөд доорх ерөнхий шаардлагыг хангасан байна:

  • Сурлагын дундаж дүн 75%-иас доошгүй байх
  • Англи хэлний ярих, бичих, ойлгох чадвар дундаас дээш байх
  • Нийгмийн идэвхтэй байх

Хөтөлбөрийн зорилт

  • Америкийн болон олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулийн элсэлтийн тухай цогц ойлголттой болох
  • Мэргэжлээ зөв сонгоход түлхэц өгөх
  • Их сургуулийн хичээлийн агуулгын тухай ойлголтоо нэмэгдүүлэх
  • Англи хэл дээр эссе бичих чадвараа дээшлүүлэх
  • Сургуульд хэрхэн өргөдөл гаргах тухай
  • Манлайлагч нартай уулзах боломжоор хангагдах
  • Гадаадын их сургуульд амжилттай суралцаж буй үе тэнгийнхнээсээ суралцах

Хөтөлбөрийн агуулга

Тус хөтөлбөрийг АНУ болон гадны их, дээд сургуулийн бакалаврын төвшний сурагчид Англи хэл дээр зааж явуулдаг. Бакалаврын төвшний сургагч оюутан нь ерөнхий эрдмийн хичээлүүд, Англи хэлний зохион бичлэг, коллежийн бэлтгэл зэргээр семинар явуулдаг. Коллежийн төвшний эдгээр семинар нь сурагчдыг их дээд сургуулийн орчинд бэлтгэдэг. Мөн тус хөтөлбөр нь Монголын нийгмийн манлайлагч нартай уулзах, хичээлийн бус төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох боломж олгодог.

Семинар: Жил бүр хүмүүнлэгээс шинжлэх ухааны салбарыг хамарсан төрөл бүрийн сэдвээр хичээл бэлтгэхийн тулд 6-8 сургагч оюутныг сонгож авдаг. Эдгээр семинар нь сурагчдад ерөнхий эрдмийн боловсролын системийг танилцуулах, тэднийг үндэслэлтэй сэтгэн бодох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь туслах зорилготой. Сурагч оюутан багш бүр нь хөтөлбөрт оролцохын тулд хоёр хичээл сонгож, хөтөлбөрийн хаалтын үеэр бүлгээр, эсвэл дангаараа төслийг дуусгадаг. Семинарыг бүхэлд нь Англи хэл дээр заах бөгөөд ангийн хэмжээ нь 6-8 сурагчтай байдаг.

Сургагч оюутнуудыг заах туршлага, семинарын сэдэв, хичээлийн бус арга хэмжээ, зааварчилгаагаар сурагчдын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах чадвар зэрэгт үндэслэн сонгож авдаг. Тэднийг АНУ болон гадны их, дээд сургуулиудаас өөрсдийн ирүүлсэн материал дээр сонгон шалгаруулж авдаг.

Коллежийн элсэлтийн бэлтгэл: Коллежид бэлтгэх сургалтад элсэлтийн эссе бичих, SAT–д бэлтгэх, их сургууль сонгох, санхүүгийн туслалцаа, өргөдөл гаргах үйл явцын талаар заадаг.

Нийгмийн хөгжлийн төсөл: Сурагчид дан ганц сургалтад суугаад зогсохгүй тэдний эргэн тойронд, Монголын нийгэмд нөлөө үзүүлж буй тулгамдсан асуудлуудын талаар өөр хоорондоо мэдээлэл солилцдог. Үүний үндсэн дээр тодорхой асуудлыг хөндсөн төслийн санаа гаргаж сургагч оюутан багш нартайгаа хамтран асуудлыг шийдэх шийдлийг хэлэлцдэг. Төгсөлтийн арга хэмжээ буюу хөтөлбөрийн төгсгөлд төслүүдийн санаагаа танилцуулдаг. Ихэнх төслүүд боловсрол, байгаль орчин, хотжилт, бохирдол, эрүүл мэндийн талаарх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг.

Хөтөлбөрийн төгсөлт: Хөтөлбөрийн төгсгөлд сурагчид хөтөлбөрөөс сурсан зүйлсээ дүгнэн ярилцдаг бөгөөд нийгмийн хөгжлийн төслийн саналаа танилцуулдаг. Уг танилцуулгын үеэр бид төслийг хэрэгжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүн болон хөтөлбөрийн урд жилүүдийн төгсөгчдийг урин оролцуулдаг.

Чухал огноо:

Сургагч багш нар: Жил бүрийн 2,3 сар-Өргөдлийн маягт нээгдэнэ

4 сар-Шалгаруулалт явагдана. Уг шалгаруулалт 2 үе шаттай бөгөөд эхний шалгаруулалтыг ирүүлсэн материал дээр үндэслэн хийх ба эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оюутантай ярилцлагын цаг товлон интернетээр ярилцлага авна.

Сурагч нар: Жил бүрийн 3,4 сар-Өргөдлийн маягт нээгдэнэ

5 сар-Шалгаруулалт явагдана. Уг шалгаруулалт 2 үе шаттай бөгөөд эхний шалгаруулалтыг ирүүлсэн материал дээр үндэслэн хийх ба эхний шатны шалгаруулалтад тэнцсэн сурагчдыг ярилцлагад урьдаг.

Хөтөлбөр тухайн жилийн Найрамдал зуслангийн ачааллаас хамааран 6 эсвэл 8 сард явагддаг.

Түгээмэл асуулт, хариулт

А: Орон нутагт суралцаж байгаа сурагчид хамрагдах боломжтой юу?

Х. Боломжтой. Хөтөлбөр сурагчдын зуны амралтаар явагддаг.

А: Хөтөлбөр хэдэн төгрөгийн төлбөртэй вэ? 

Х: Хөтөлбөр үнэ төлбөргүй

А: Бусад материал гэдэгт юу хавсаргах вэ? 

Х: Ямар нэг тэмцээн, олимпиадад оролцож амжилт гаргаж байсан бол түүнийг гэрчлэх сертификат, тодорхойлолт хавсаргаж болно. Мөн сайн дурын ажилд оролцож байсныг гэрчилсэн захиа зэрэг орж болно. 

А: Манай хүүхэд одоо 7,8,9-р ангид суралцдаг юм. Хөтөлбөрт хамрагдах боломжтой юу? 

Х: Сургалтын хөтөлбөр 10,11,12-р ангийн сурагчдад зориулагдан бэлтгэгдсэн байдаг тул үүнээс доош ангийн сурагчдийг хамруулах боломжгүй байдаг. Уг хөтөлбөр жил бүр явагддаг тул ирэх жилүүдийн хөтөлбөрт хамрагдахыг зөвлөдөг.

2017 оны хөтөлбөрт энд дарж онлайн өргөдөлөө бөглөнө үү. Онлайн өргөдлийг 2017 оны 5-р сарын 1-ний 23:59 минут хүртэл хүлээж авна.  

Хөтөлбөрийн тухай www.mysp.world цахим хуудсаас авна уу.