Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь Австралийн Засгийн газрын санаачилгатайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн төгсөгчдийг хамруулан оролцуулдаг юм. Хөтөлбөр 8 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд Австралид төгсөгчдийн мэргэжлийн болон манлайлах ур чадварыг сайжруулах замаар зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэж байгаа юм. "Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрийг "Зориг Сан" шалгаран гүйцэтгэж байна. Энэхүү хөтөлбөр нь Австралийн Засгийн газраас Монгол Улсын хөгжилд үзүүлдэг туслалцааны нэг хэсэг билээ. Мөн түүнчлэн хөтөлбөр хэрэгжих хугацаанд оролцогчид багаар нийгмийн хөгжлийн төсөл хэрэгжүүлдэг уламжлалтай бөгөөд энэхүү төслөөрөө нийгэмд тулгарсан асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж улмаар мэдлэг туршлага хуримтлуулдаг.
 
Хэн хамрагдах боломжтой вэ?

Бүх оролцогч Монгол дахь жендерийн асуудлын талаарх ойлгоцоо гүнзгийрүүлж, эмэгтэйчүүдийн манлайлалд дэмжлэг үзүүлэх чин хүсэлтэйгээ батлан харуулсан байх ёстой. Үүнээс гадна дараах шалгууруудыг хангасан байна.

Үүнд:

  • Австралийн Хөгжлийн тэтгэлгээр амжилттай суралцсан эрэгтэй, эмэгтэй төгсөгчид байх;
  • Ажил эрхэлдэг байх (хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүмүүс хамрагдана)
  • 8 сарын хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Хөтөлбөрийн дараах судалгаанд оролцох боломжтой байх
  • Хөтөлбөрт оролцохыг гэр бүл, ажлын газраас дэмжихийг баталгаажуулах зэрэг орно.
  • Манлайллын ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр манлайлалд эрэгтэйчүүд тэгш эрхтэй оролцох боломж олгоход дэмжлэг үзүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүйсийн харьцаа 70% (эмэгтэй,) 30% (эрэгтэй) байна.

Хөтөлбөрийн зорилт

  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн манлайлах болон шийдвэр гаргах ур чадварыг нэмэгдүүлэх
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдөд Монгол Улсын ирээдүйд чухал ач холбогдолтой асуудлын талаар гүн бат мэдлэг олгоход туслах
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн Монголын нийгмийн ирээдүйд нөлөөлөх, хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдөд хувийн болон мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэн, ур чадвараа хөгжүүлэхэд туслах
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийг Австрали, Монголын хоорондын гүүр болоход дэмжлэг үзүүлэх
  • Эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн жендерийн тэгш байдал манлайлалтай хэрхэн уялдах талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зэрэгт тусална.
Хөтөлбөрийн агуулга
 
ЭМХ-ийн манлайллын сургалтын нээлт: Төгсөгчид үр дүнтэй манлайллын үндсэн ойлголт авч, өөр хоорондоо танилцан, холбоо харилцаа үүсгэх эхний алхам болно.
Үдийн зоогтой уулзалтууд (сар тутамд 2 цаг): Төгсөгчид олны танил бизнес, төр болон төрийн бус байгууллагуудын манлайлагчидтай уулзаж, тэднээс учирсан хүндрэл, хүрсэн амжилт, авсан сургамж, туулах бэрхшээл, тулгарсан ёс зүйн асуудлууд болон ажил – амьдралын тэнцвэрийн талаар асууж ярилцана .
Сүлжээ үүсгэх арга хэмжээ (3 оройн арга хэмжээ, тус бүр 1.5 цаг): Австрали, Монгол Улсуудын хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсад ажиллаж байгаа Австралийн бизнесийн манлайлагчидтай уулзалт болон бусад салбарын манлайлагчидтай уулзалт зохион байгуулна.
Семинар: Оролцогчдын манлайллын ур чадварыг бэхжүүлэх сургалтууд орно.
Танилцах аялал: Оролцогчид Монгол орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж буй тэргүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломжийг олгодог.
Олон нийттэй хамтран хэрэгжүүлэх төсөл: Оролцогчид хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг чадвараа ашиглан нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн бичил төслүүдийг хэрэгжүүлнэ. Дэлгэрэнгүй
Жендерийн сургалт: Оролцогчид манлайлал, жендер ба бодлого боловсруулалт, жендерийн тэгш байдалд эрчүүдийн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар жендерт суурилсан сургалтад хамрагдана.
Манлайллын сургалт (ЭМХ-ийн бүх үйл ажиллагааны салшгүй хэсэг болно): Төгсөгчид амжилттай манлайлагчийн үндсэн чанар болох багаар ажиллах, стратегичээр төлөвлөх үр дүнтэй харилцах зэрэг ур чадваруудаа тасралтгүй хөгжүүлнэ.
Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Хаалтын сургалт семинар хийж, төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгчид туршлага, сургамжаа тунгаан ярилцаж, тусгаж авна.

ЭМХ-ийн Австралид хэрэгжих үйл ажиллагаа

Монголд 8 сарын хөтөлбөрт оролцогчид Австралид болох 2 долоо хоногийн манлайллын эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. Энэ үйл ажиллагаа Монголд хэрэгжсэн хэсэгт суурилах бөгөөд оролцогч тус бүрийн манлайлах, хамтран ажиллах, бусдад үлгэрлэх, үр дүнтэй манлайлах ур чадваруудыг сайжруулах тодорхой эрэлт хэрэгцээг онцгой анхаарна.
 
Сүлжээ үүсгэх: Төгсөгчид тухайлан зохион байгуулсан арга хэмжээний үеэр өөрсдийн салбарын манлайлагчидтай уулзана.
Чиглүүлэн сургах ба түншлэл: Оролцогч Австралид байх хугацаандаа өөрт тохирсон, ойролцоо сонирхол, салбарын туршлагатай Австрали ментортой албан бусаар 1-2 удаагийн уулзалт хийж, тушаал дэвших, алба ажил, хувийн амьдралаа хэрхэн тэнцвэржүүлэх, манлайлалд учрах саад бэрхшээл, мэргэжлийн асуудлаар ярилцана.
Үйлдвэр, албан байгууллагад зочилж, семинар хийх: Тухайн орон нутгийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, олон нийтийн байгууллагуудад зочилж, мэргэшсэн шинжээчид, манлайлагчидтай семинар, бүлгийн ярилцлага хийх маягаар тэднээс сонирхсон асуултаа асууж, санал солилцон хамтран ажиллана.
Жендерийн сургалт: Монголд хийгдсэн жендерийн тэгш байдлын сургалтад тулгуурлан эмэгтэйчүүдийн манлайлалд саад болж буй бүтэц, нийгэм, соёл уламжлалын хүчин зүйлсийн бодит стратегид тулгуурлана.
 
ЭМХ-ийн Австралид хэрэгжих үйл ажиллагааны шалгаруулалтын шаардлага
 
ЭМХ-ийн 8 дахь сарын үйл ажиллагаанд оролцогчдыг Австралийн үйл ажиллагаанд оролцох сонгон шалгаруулалтад урина. Сонгон шалгаруулалтад англи хэлээр 2 хуудаснаас хэтрэхгүй доорх сэдвийн дагуу өргөдөл гаргана.
 
Үүнд:
  • Австралид хэрэгжих үйл ажиллагаанаас юуг хүлээж байна вэ?
  • Хөтөлбөрт харагдсанаар өөрийн болон бусдын талаар олж мэдсэн гол зүйлс?
  • Таны хамгийн ихээр ашиглаж хөгжүүлж чадсан манлайллын ямар чадварууд?
  • Бичил төсөл хэрэгжүүлэх явцад олж авсан гол туршлага?
  • Австралид хэрэгжих үйл ажиллагаанд оролцсоноор таны ирээдүйн хувийн болон мэргэжлийн чадвар хэрхэн өсөх вэ?
Сонгон шалгаруулалтад хөтөлбөрт идэвхтэй оролцсон байдал (50%) болон өргөдлийг (50%) үндэслэн дүгнэх бөгөөд манлайлал болон жендерийн мэргэжилтнүүд шалгаруулалтыг дүгнэх болно.

Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 9 сарын 29

2016-2017 оны өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2016 оны 9 сарын 29-ны өдөр дууссан тул та 2017-2018 оны хөтөлбөрийн зарлал 2017 оны 8-р сард тавигдах үед хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргах боломжтой.