News

Хогоо ангилдаг сурагч

Хогоо ангилдаг сурагч

Date

2024-07-01

Written by

Tsolmon Bayaraa

Хогоо ангилдаг сурагч...

Жаахан байхаас л аав ээж минь “хогоо газар битгий хаяарай” гэж захидаг байлаа. Одоо бодоход энэ жижиг үгс л нөлөөлж, хогоо хогийн саваас өөр газар хаяж төвдөхгүй болсон юм билээ. Улмаар “Зориг сан”-ийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрт хамрагдах явцдаа хог хаягдлын талаарх мэдлэгээ зузаатгасан бөгөөд яг үнэндээ хогоо хогийн саванд хаясан ч гэсэн хаа нэгтээх газарт булагддаг учраас угтаа зүгээр л ил задгай хаяснаас ялгаагүй л байгаль орчныг бохирдуулдгийг ухаарсан юм. Иймээс л хог хаягдлыг ангилах ёстой юм билээ.

Яг намайг багад хог хаях бурууг ойлгуулсан шиг л хүүхэд бүрд багаас нь зохих мэдээллийг хүргэх хэрэгтэй. Иймээс манай багийнхан “Re+School” төслийг санаачлан, сургуулийн орчинд хог хаягдлаа ангилан ялгах талаар мэдлэг өгч, дадал суулгахыг зорьсон юм. Манай төсөлд хотын 9, орон нутгийн 3 буюу нийт 12 сургуулийн 120 сурагч хамрагдаж, 6 долоо хоногийн турш сургууль дээрээ хог хаягдлыг ангилах талаарх сургалтад суусан бөгөөд үр дүнд нь нийт нэг тонн орчим (48,800 ширхэг) хуванцрыг дахин боловсруулах үйлдвэрт тушаалаа. Энэ нь 286,659 литр ус, 63,629.34 мегажоуль эрчим хүч хэмнэсэн гэсэн үг. Түүнчлэн үр, ач, зээ, жич, тачаас цаашаа буюу 9 үед минь ч газарт булаатай хэвтэх байсан хог хаягдлаас хөрсөө хамгаалсан гэсэн үг юм. Хамгийн гол өгөөж нь сурагчид хог хаягдлыг ангилах амархан болохыг ойлгон, байгальд ээлтэй иргэд болцгоосон болов уу.

Мөн эдгээр 12 сургуулиар тогтохгүй Монгол улсын бүхий л сургууль хог хаягдлын менежментийг бие даан хэрэгжүүлэхэд нь нэмэр болгох үүднээс гарын авлага бүтээв. Нийгмийг эергээр өөрчлөхийн тулд хэнийг ч хүлээх хэрэггүй, зөвхөн өөрсдөөсөө эхлэхэд л болно. Цаашлаад бусдыгаа манлайлдаг байгаасай!

Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 2024 оны оролцогч, “Re+School” төслийн багийн гишүүн Цэлмэг