News

“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны “Beyond Nutrition” төсөл

 “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны “Beyond Nutrition” төсөл

Date

2024-03-05

Written by

Tsolmon Bayaraa

Шимээр тэжээхүй

2022 онд ой гарантай хүү маань сувиллын хоолонд хордож, арав гаруй хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Түүнээс хойш гадуур хооллохоос айдаг, хүүхдийнхээ ам руу орж буй зүйлд маш хянамгай хандах болсон.

Ноднин намраас хүүхдүүд маань цэцэрлэгт явж эхэлснээр цэцэрлэг, сургуулийн хоолны талаар анх удаа сонирхсон. Үр дүнд нь хоолны хордлогоос илүү анхаарал хандуулах ёстой асуудал бийг ойлгосон юм. Бор хоолонд орсон цагаасаа насанд хүртлээ өдөр бүр шим тэжээл багатай хоол идсэн хүний тархины хөгжил, сэтгэл хөдлөл, зан ааш, эрүүл мэнд ямар байх бол? Ганц удаагийн хоолны хордлогыг бид даваад гарна, харин “шим тэжээлийн дутал” бол хүний бүх насны амьдралын чанарт нөлөөлөх асуудал юм билээ.

Монгол хүүхдүүд өдөрт хэрэглэвэл зохих хэмжээнээсээ 4-5 дахин бага ногоо хэрэглэдэг бөгөөд шим тэжээлийн дутал, зохисгүй хооллолтоос үүдэлтэй таргалалтад 6-11 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь өртсөн тухай судалгаа бий. Түүнчлэн 10 хүн тутмын найм нь хелико бактеритай ба бохир аяга, тавгаар дамжин цэцэрлэг, сургуулийн орчинд тархах эрсдэл их.

Тиймээс хүүхдийн хоолны шим тэжээл, эрүүл ахуйд санаа зовниж буй таван залуу нийлэн “Beyond Nutrition” төслийг санаачилсан юм. Бид сонгосон сургууль, цэцэрлэгүүдийн хоолны амт чанар, шим тэжээлийг сайжруулах, янз бүрийн бактери, вирусийн тархалтыг автомат аяга таваг угаагч хэрэглэн бууруулах, цаашлаад хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож, зөв хооллох дадал хэвшүүлэхээр зорьж байна.

Хэдийгээр төслөө энэ оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн ч олон олон байгууллага биднийг дэмжиж байгаа тул төсөл маань цааш үргэлжлэн, сургууль, цэцэрлэг бүрд хэрэгжиж, эцэг эхчүүд сэтгэл амар, хүүхдүүд эрүүл өсөж торних ирээдүйн эхлэл болно гэж найдаж байна.

“Эрүүл бяцхан иргэд”-ийг өсгөхөд таны хувь нэмэр хамгийн чухал. Үүний тулд та өөрөө эрүүл, зөв хооллож, хүүхдүүддээ үлгэрлэж чадна. Хүүхдийнхээ гэрээс гадуур идэж, ууж буй зүйлд та л анхаарч чадна. Одооноос эхлэн эрүүл, зөв хооллолтын талаарх мэдлэгээ тэлээрэй!

Ц.ГЭРЭЛЧИМЭГ(Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны “Beyond Nutrition” төслийн багийн гишүүн)

#эрүүлбяцханиргэдтбб

Төслийн багтай холбогдох, дэлгэрэнгүй мэдээлэл авах: Beyond Nurtrition төсөл