News

Зориг сангийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021 зарлагдлаа

Зориг сангийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021 зарлагдлаа

Date

2020-09-25

Written by

Buyanjargal Natsagdorj

Зориг сан Швейцарын Хамтын Ажиллагааны Газар, Консулын Хэлтэстэй (хуучнаар Швейцарын Хөгжлийн Агентлаг) хамтран дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг 15 дахь жилдээ хэрэгжүүлэхдээ нийтдээ 1200 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж тэдгээр оюутнууд бие даан нийгмийн хөгжлийн 150 гаруй бичил төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ хичээлийн жил нийт шалгарсан 60-н оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор хөтөлбөрөө зарлаж байна.

Уг хөтөлбөр нь амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хүрээг тэлэх зорилгоор ур чадварын сургалтуудыг зохион байгуулдаг болно.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой.

ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ ШАЛГУУРУУД:

  1. Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг оюутан байх
  2. Дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  3. Нийт суралцсан хугацааны голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
  4. Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрсдийгөө сорих, шинийг эрэлхийлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй оюутан байх
  5. Санхүүгийн хэрэгцээтэй байх (Орон нутгаас УБ хотод хүрэлцэн ирж суралцаж байгаа эсвэл, УБ хотын захын дүүргүүдээс суралцаж байвал тодорхой хэмжээнд давуу тал болно)
  6. Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
  7. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох боломжтой байх.

БҮРТГЭЛ:

  • 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 23:59 цагаас өмнө https://form.jotform.com/zorigfoundation/sdc-2020 энэхүү холбоосоор өргөдлийн маягтыг бөглөнө. Үүнд:
  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулбар, бусад амжилтуудыг батлах аливаа баримт бичиг, зураг зэргийг хавсаргана.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/-ийг хавсаргана

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

ШАЛГАРУУЛАЛТ:

Урьдчилсан шалгаруулалтыг цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай Зориг сангаас утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлагыг тус сангийн байранд явуулна. Ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас эх хувиар
  • Нийгмийн идэвх оролцоог тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

ЗОРИГ САН

Танд асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу. Email: scholarship@zorigfoundation.org